Мартин Ауэр: Хачин дайн, Энхийн боловсролд зориулсан үлгэрүүд

   
 

Цэнхэр хүү

Please share if you want to help to promote peace!

Орчуулсан Nara

Орчуулгыг хянаагүй байна.

Мөрөөдөгч
Цэнхэр хүү
Айдас
Зодоон
Боол
Өмнөх үг
Зохиогчийн тайлбар
Татаж авах
Зочны дэвтэр
Орчуулагчийн тухай
Зохиогчийн тухай
Mail for Martin Auer
Лиценз
Creative Commons licence agreement

Огторгуйн уудамд, холын хол оддын тэртээд манай эндхээс бүх зүйл нь тэс өөр ертөнц байдаг гэнэ. Тэрнээс бүүр цаашлах юм бол ахиад л шал өөр ертөнц байдаг гэнэ. Улам цаашлан холдох тусам наахна байдаг ертөнцөөс тэс ондоо өөр нэгэн ертөнцөд орших амьдрал харин манай ертөнцийнхтэй маш адилхан байдаг байж магадгүй.

Тэгээд тэрхүү алсын алс дах ертөнцөд эх дэлхийтэй маань ижилхэн хэмжээтэй гариг байдаг байгаад, тэрэн дээр нь яг л бидэн шиг хүмүүс, гэхдээ цэнхэр өнгөтэй амьдардаг гэнэ. Харин биднээс ялгаатай нь юу ч сонсохыг хүсээгүй үедээ чихээ эвхээд хаачихаж чаддаг гэнэ.

Тэрхүү алсын алс гариг дээр нэгэнтээ их хөнөөлт дайн дэгдэж, тоо томшгүй олон цэнхэр хүн амиа алдсан байна. Тэдний ард олон олон хүүхэд өнчрөн үлджээ. Бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн хотын балгас болсон нурангин дунд нэгэн бяцхан цэнхэр хүү аав ээжгүй болсондоо харамсан уйлан сууна. Тэрээр энд маш удаан сууж, их уйлсан бөгөөд хамаг нулимс нь дууссан болохоор одоо ахиад уйлж чадахгүй болжээ. Тийм болохоор хүү цамцныхаа захыг босгоод, гараа халаасандаа хийн, тэндээс явахаар шийджээ. Явах замд нь чулуу тааралдвал өшиглөж, цэцэг таарвал гишгэлэн явж байлаа.

Гэтэл нэгэн гөлөг гүйж ирээд, сүүлээ хөдөлгөн эрхэлж гэнэ. Тэгээд хүүг тойрон үсэрч, араас нь даган явж эхлэх нь “хоёулаа найзлая” гэх шиг.

Гэв хүү “Зайлаач” гэж хашгирав. Тэгээд “Чи эндээс явсан нь дээр. Хэрэв чи надтай хамт байх юм бол би чамайг хайрлах болно. Харин би энэ насандаа ахиж хэнийг ч хайрламааргүй байна.” гэж хэлжээ.

Харин гөлөг түүний өөдөөс ширтэн, сүүлээ хөдөлгөн эрхэлсээр л байв. Тэгтэл хүү нэгэн үхсэн цэргийн хажуунаас бууг нь олж аваад, гөлөг рүү онилон: “Хурдан зайлахгүй бол энэ буу чамайг үхдэл болгож орхино шүү” гэж ууртай хашгирав. Хөөрхий гөлөг айсандаа зугтан оджээ.

“Харин би чамайг өөртөө үлдээлээ. Чи л миний сайн найз болж чадах юм байна” гэж хүү буунд хэлээд аль хэдийн амьгүй болсон мод руу буудаж гэнэ.

Жаахан явж байгаад хүү нэгэн нисдэг дугуй  байхыг харжээ. Түүнийг унаж үзэхээр шийдээд асаах гэж оролдтол дугуй ажиллаж байлаа. “Одоо би буутай, бас нисдэг дугуйтай болчихлоо. Энэ хоёр одоо миний гэр бүл гэсэн үг.  Уг нь нохойтой болж болох л байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэр минь үхчихвэл би ч бас уйлсаар байгаад үхэж магад” гэж өөрөө өөртөө хэлжээ.

Хүү тэгээд нисдэг дугуйгаа унаад явж байтал алсад нэгэн байшингийн яндангаар утаа суунаглаж байх нь харагджээ. “Тэнд хүн амьдарч л байгаа юм байна даа” гэж бодсон хүү тэнд хүрээд байшинг тойрон нилээн эргэлдсэнийхээ дараа цонхоор нь хартал хоол хийж байгаа ганц настай эмгэнээс өөр хүн үзэгдсэнгүй. Нисдэг дугуйгаа байшингийн өмнө орхиод, буугаа ил гаргаж аваад байшин руу орсон хүү эмгэнд “Би буутай шүү. Тийм болохоор надад идэх юм өгөөдөх” гэлээ.

“ороод ир хүү минь. Буугаа далд хийчих. Буу байсан байгаагүй би чамд хоол өгнөө” гэж эмгэн хэлэв. Хариуд нь хүү “Чиний сайхан зан надад хэрэггүй. Энэ буу чамайг амьгүй болгочихож чадна шүү” хэмээн зандрав.  Тэгээд хүү эмгэний өгсөн хоолыг нь идчихээд тэндээс нисэн одов.

Хүү ийм маягаар амьдрах болсоор нилээд уджээ. Хэний ч мэдэхгүй нэгэн газар олж, түүнийгээ хоргодох байр болгон амьдрах болсноор барахгүй өлсөхөөрөө хүмүүсийн амьдарч байгаа газар руу нисэн очоод буугаа гарган сүрдүүлж, хоол олж иддэг байв. Бусад үед нь мартагдаж үлдсэн дайны талбар руу нисч очоод янз бүрийн зэвсэг техникийн үлдэгдэл дундаас өөртөө хэрэгтэй гэж бодсон бүхнээ түүн, хоргодох байрандаа авчирдаг байлаа.

“Би аварга том зэвсэглэсэн төмөр хүн хийнэ. Зуун метрийн өндөртэй, зуун мянган тонны жинтэй аварга хүнийхээ толгойд нь удирдлагын бүхээгээ байрлуулаад, өөрөө тэндээ сууж явах болно. Тэр үед би хамгийн  их чадалтай нь болж, хэн ч надад юу ч хийж чадахгүй болох болно” гэж тэрээр өөртөө хэлсэн байна.

Нэгэн өдөр нэг жаахан охин хүүгийн оромжны хажуугаар явж байв. Түүнийг харсан хүү гарч ирээд, “Чи эндээс хурдхан холд. Миний буу чамайг буудчихна шүү” гэлээ. “Би уг нь чамд саад болох гээгүй юм. Зүгээр л мөөг ургаж уу гэдгийг л харах гэж явна” гэж охиныг хариулахад “Чи эндээс зайл. Би миний эргэн тойронд хэн нэгэн байхыг хүсэхгүй байна” хэмээн хашгирав.

“Чи энд ганцаархнаа байдаг юмуу” гэж охиныг асуухад “Үгүй ээ. Би энд өөрийнхөө буу, нисдэг дугуй хоёртойгоо байдаг. Эд бол миний гэр бүл. Бас нэг л өдөр би өөрийн гэсэн аварга төмөр хүнтэй болно” гэж хүү хэлжээ.

“Чамд жинхэнэ гэр бүл байхгүй гэжүү?” хэмээни охиныг асуухад “Уг нь би нэг нохотой болох гэж байсан юм. Гэхдээ түүнийг маань хэн нэг нь алчихвал би уйлсаар байгаад үхчихнэ шүү дээ” гэж хүү хэлжээ.

“Надад ч гэсэн хэн ч байхгүй. Тэгэхээр хоёулаа хамтдаа байж болно биз дээ” гэж охин хэлэв. Харин хариуд нь хүү “бууны суманд өртөөд үхдэг хэн нэгэнтэй би хамт баймааргүй байна” гэжээ. “Тэгвэл чи тийм бууны суманд өртөөд үхдэггүй хэн нэгнийг олох хэрэгтэй болж дээ” гэж охин хэлээд яваад өгчээ.

Түүнээс хойш удсангүй хүү өнөөх төмөр хүнээ хийж, бүрэн зэвсэглэж аваад, дотор нь суун нутгаа хэрэн хэсэх аялалаа эхлэхээр болов. Төмөр хүнийхээ толгойд нь байрлуулсан бүхээг дотроосоо төмөр хүнээ удирдах бүрэн боломжтой аж.

Хүүгийн ирж явахыг харсан хүн бүр уулга алдан хашгирч, айн зугтах болов. Гэсэн хэдий ч тэд аварга том төмөр хүнээс санасан зоргоор зугтаж чаддаггүй байлаа.

Удирдлагын бүхээгтээ чанга яригч суулгасан болохоор хүүгийн хэлсэн үг болгон төмөр хүний амнаас хүрхрэн гарах мэт чанга сонсогддог аж. “Та нарын дунд бууны суманд өртөөд үхдэггүй хэн нэгэн байна уу” хэмээн төмөр хүн хүрхрэхэд “Би байна” хэмээн хариулах хүн ганц ч таарсангүй, харин очсон газар бүрт нь хүмүүс түүнээс айн зугтсаар байлаа.

Харин нэгэн өдөр өнөөх асуултаа асуун явж байхдаа хүү төмөр хүнийхээ бүхээгнээс айн зугтаж байгаа хүмүүсийн дунд ганц л хүн дороо зогсоод, өөдөөс нь ямар нэгэн зүйл хашгиран хэлж байхыг олж харжээ. Гэвч хүү дэндүү өндөрт байсан болохоор тэр хүний юу хэож байгааг сонсож чадахгүй л байлаа.

“Магадгүй энэ нөгөөх бууны суманд өртөөд үхдэггүй хүн байж таарах нь” гэж бодсон хүү бүхээгнээсээ гарч, доош буужээ. Харин тэр нь дээр үед түүнд хоол хийж өгч байсан өнөөх эмгэн байв. “Та надад ямар нэгэн юм хэлэх гээ юу?” хэмээн хүүг асуухад “Тиймээ. Бууны суманд өртөөд үхдэггүй хэн нэгэн байдаг тухай би сонсож байсан юм байна. Тэгээд энэ тухай чамд хэлэх хэрэгтэй байх гэж бодлоо” гэж эмгэн хариулжээ. “Тэр чинь тэгээд хэн юм бэ?” хүүг асуухад эмгэн “Тээр дээр саран дээр нэг өвгөн амьдардаг амьдардаг юм гэнэ лээ” хэмээн хэлэв. “Тэгвэл би тэр хүнийг хайж олох хэрэгтэй юм байна даа. Яагаад гэвэл миний эргэн тойронд бууны суманд өртөөд үхдэггүй хэн нэгэн огт алга” гэж хэлээд хүү төмөр хүндээ суун, нэгэн товч дартал төмөр хүн нь аварга том пуужин болон хувирч, сар руу нисэн оджээ.

 Саран дээр буугаад хүү өнөөх өвгөнийг их л удаан хайжээ. Эцэст нь том дурангийн ард суугаад цэнхэр дэлхийг ажиглан суугаа өвгөнийг олж очив.

Хүү: Та өнөөх бууны суманд өртөөд үхдэггүй хүн мөнүү?

Өвгөн: Тийм байх гэж бодож байна.

Хүү: Та дурангаар юу харж байгаа юм бэ?

Өвгө: Тээр тэнд байгаа гариг дээрхи хүмүүсийг ажиглаж байгаа юм.

Хүү: Би тантай хамт үлдэж болох уу?

Өвгөн: Болох л юм. Гэхдээ чи яагаад намайг онцлоод байгаа юм бэ?

Хүү: Учир нь би бууны суманд өртөөд үхдэг нэгэнтэй хамт байхыг хүсэхгүй байна. Ээж аавыгаа алуулахад би өөрийнхөө хамаг нулимсыг барагдтал уйлсан. Уг нь нэг нохойтой болж болох л байсан. Гэхдээ түүнийг минь бас хэн нэгэн буудчихвал би уйлсаар байгаад үхчих байсан байх. Бас нэг эмээ, өөр нэг охин хоёртой хамт амьдарч болох байсан ч тэд нар суманд өртвөл үхчих хүмүүс байсан болохоор би тэдний хойноос уйлсаар бас л үхэх байх гэж айсан юм.

Өвгөн: За тэгвэл чи надтай үлд дээ.  Хэн ч намайг буудаад алж чадахгүй, учир нь энд хэнд ч буу байхгүй.

Хүү: Тийм болохоор л та үхээгүй гэж үү?

Өвгөн: Тэгэлгүй яах вэ.

Хүү: Гэхдээ би буугаа аваад ирсэн шүү дээ.

Өвгөн: Муу л хэрэг байна. Чиний буу намайг алж магадгүй учир чи надтай энд үлдэж болохгүй.

Хүү: Тэгэхээр би буцах хэрэгтэй болж байна уу?

Өвгөн: Тиймээ.

Хүү: Их л муу байна даа.

Өвгөн: Чи харамсаж байна уу?

Хүү: Тиймээ. Уг нь би энд үлдмээр л байна.

Өвгөн: Чи тэгвэл буугаа хаячихаж болно шүү дээ.

Хүү: Магадгүй.

Өвгөн: Тэгвэл чи надтай хамт эндээ бүр үлдэж болно шүү дээ.

Хүү: Болох л юм. Тэгэхдээ би юу хийх болж байна?

Өвгөн: Чи энэ дурангаар хүмүүсийг ажиглаж болно. Магадгүй тэндхийн хүмүүс яагаад дандаа дайтаж байдгийн учрыг олох ч юм билүү.

Хүү: Яагаад тэд нар дайн хийдэг юм бол?

Өвгөн: Би ч бас сайн мэдэхгүй л байна. Нэг нэгнийхээ тухай сайн мэдэхгүйгээс л болдог болов уу гэж бодож юм. Тэдний хувьд маш олуулаа амьдардаг болохоор амьдрал нь янз бүрийн зүйлсээр дүүрэн, тэгээд л өөрсдийнх нь үйлдэл бусдад ямар нөлөө үзүүлэхийг ер мэддэггүй байх. Миний бодлоор тэд өөрсдийнх нь иддэг мах хаанаас ирдгийг, эсвэл бартсан талх нь хаашаа явдгийг огтхон ч анзаардаггүй юм шиг байна лээ. Бас газар ухан хөдөлмөрлөж байж гаргаж авсан төмрийн хүдэр нь цэргийн зэвсэг үйлдвэрлэхэд зориулагдаж байгааг ч мэдэхгүй байх шиг байна. Тэд өөрсдийнхөө идэж байгаа хүнсийг бусдаас булааж авсан хүнс мөн үү биш үү гэдгийг ч ухаарах сөхөөгүй. Тэд хэрэв энэ амьдралаа дээрээс нь бидэн шиг ажиглах юм бол олон зүйлсийн учир холбогдлыг илүү ойлгох байх гэж бодогдох юм.

Хүү: Хэн нэгэн нь тэдэнд энэ бүхнийг харуулах хэрэгтэй юм биш үү?

Өвгөн: Магадгүй юм. Гэхдээ миний хувьд одоо нас минь дэндүү хөгширсөн болохоор тэгэж амжихгүй биз.

Тэгээд хүү буугаа хаяхаар шийдсэн бөгөөд өнөөх буу нь сансрын уудам руу шидэгдэж, улмаар өнөөх гаригийн хөрсөн дээр унасан бөгөөд хэдэн хэсэг болон эвдэрч, хэн ч мэдэхийн аргагүй болсон байна. Харин хүү өвгөнтэй хамт саран дээр удаан амьдарч, дурангаараа өнөөх гариг дээрхи хүмүүсийг ажиглан суусаар үлдсэн байна. Нэг л өдөр тэр хүү өнөөх гариг руу нисэж очоод, хүмүүст нь юуг буруу хийгээд байгааг нь тайлбарлаж өгсөн байх даа.

   
 

Энэхүү сайт нь бүртгэгдсэн хэрэглэгчдийн оруулсан мэдээллүүдийг агуулдаг тул ямар нэгэн зориулалтын бус агуулга илэрвэл зохиогчтой холб�